|
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Монгол Улсын Иргэний нисэхийн салбар нь хөгжлийн олон үеийг
туулж, ямагт өөрчлөлт, шинэчлэлтийн эхэнд явдаг салбар юм. Үүнийг дагаад бид
тодорхой хэмжээгээр салбараараа бахархах сэтгэлтэй байж, эрхэмлэн дээдлэх ёстой
билээ.
Бидний нийтлэг нэг эрхэмлэдэг зүйл бол нисэхийн аюулгүй
ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж, ард түмэндээ иргэний нисэхийн чанартай,
найдвартай, соёлтой үйлчилгээг хүргэх явдал юм. Үүнийг зөв тогтолцоо, алсыг
харсан зөв бодлого, тухайн салбарт ажиллаж байгаа хүн бүрийн зөв төлөвшлийг
дэмжсэн бодлогын системгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Байгууллагын удирдлага үйл ажиллагаагаа ямар нэг дээд албан
тушаалтны санаа бодолд тохируулан явуулах биш, харин аль болохоор ажилчдын оролцоог
нэмэгдүүлэх ба нэгдмэл баг бүрдүүлж ажиллах замаар хөшүүн хойрго арга барилыг
багасгах, үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглүүлж, ажиллагсдын
мэргэжлийн соёлыг дээшлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх бодлогыг баримтлах ёстой.
Иргэний нисэхийн салбарын хамгийн гол зорилт бол нисэхийн
аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах юм. Энэ зорилтоо хэрэгжүүлэх үндсэн
суурь хөрс бол байгууллагын соёл, аюулгүй ажиллагааны соёлыг бид хариуцсан
салбартаа нэвтрүүлэх явдал билээ. Байгууллагын соёлыг өндөр хэмжээнд байлгаж
чадвал зөрчил тэр хэмжээгээр буурна гэсэн ойголт нь бидний хөгжлийн гол
хандлага байх ёстой.
Соёл ба хүмүүсийн өөрчлөлт нь хүмүүсийн үнэлэмж, хэм хэмжээ,
хандлага, итгэл үнэмшил болон зан төлөвийн өөрчлөлтүүдийг тусгаж, энэ төрөлд тэдний
санаа бодол, сэтгэл зүй, дадал зуршлыг өөрчлөхтэй холбоотой бүх асуудлууд
багтдаг. Зарим менежерүүд хүний оюун ухаанд байгаа зүйлийг өөрчлөх нь
технологи, бүтэц, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээс илүү хялбар гэж ойлгодог. Тэд
хүмүүсийн өөрчлөлт нь цөөхөн хэдэн ажилчдыг хамардаг тул тэднийг сургалтанд
хамруулж ур чадварыг нь дээшлүүлж болно гэж үздэг. Үнэн хэрэгтээ хамгийн хэцүү
нь хүмүүсийн үзэл бодол, сэтгэл зүй, дадал зуршлыг өөрчлөх явдал байдаг.
Байгууллагын соёлын өөрчлөлт нь та биднээс эхлэх ёстой бөгөөд
энэ нь маш өргөн хүрээний цогц асуудлуудын нэгдэл юм. Бид байгууллагын соёлоо
дээшлүүлэхийн тулд нэг гол асуудлуудыг үндсэн зорилтоо болгож түүнийгээ
тодорхой төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх нь илүү үр дүнд хүрнэ гэсэн санааг би та
бүхэнд дэвшүүлэн тавьж байна.
Тэгвэл аюулгүй ажиллагааны соёл гэж юу вэ? Энэ бол:
Мэдлэгтэй байх – Удирдах албан тушаалтнууд нь үнэхээр юу
болж байгааг мэдэж байх ба ажилтнууд нь түүнд өөрсдийн алдаа болон дутагдлыг
мэдээлэх хүсэлтэй байх,
Хянуур байх – гэнэтийн зүйлд бэлтгэлтэй байх ,
Шударга байх – хүлээн зөвшөөрөх ба үл хүлээн зөвшөөрөхийн
хоорондох заагийг тодорхой болгож соёлыг зөв төлөвшүүлэх ,
Уян зөөлөн байх – хэрэгцээний дагуу үйл ажиллагааг явуулаж,
ажил хэрэгч байх,
Суралцах – шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлэх, түүнд
нийцэх эрмэлзэлтэй байх зэрэг асуудлуудын цогц юм.
НААХЗА-ны үйл ажиллагаа гадаад ба дотоод хүчин зүйлээс
ихээхэн хамааралтай байдаг бөгөөд энэ байдал нь иргэний нисэхийн салбарын
аюулгүй ажиллагааны хяналтын хэм хэмжээ болдог билээ. НААХЗА нь иргэний
нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа янз бүрийн соёлын түвшинтэй
байгууллагуудтай байнга хамтран ажилладаг билээ. Жишээлбэл Олон улсын Агаарын
тээвэрлэгчдийн холбоо IATA-аас хийгддэг хамгийн том аудит шалгалтын олон улс
орны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн ахлах аудиторууд агаарын тээвэрлэгч
компаниудын аюулгүй ажиллагааны соёлыг өндрөөр үнэлсэн нь манай салбарын хувьд
нэр төрийн хэрэг хэрэг болсоныг энд цохон тэмдэглэхэд таатай байна.
Ер нь бид хөгжингүй болон хөгжиж буй зарим орнуудын иргэний
нисэхийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байхдаа тэдгээрийн
ажиллагсдын мэдлэг, ур чадвар, ажилдаа хандах хандлага, ажлын зохион
байгуулалт, цалин хангамж, мэргэжилдээ ахин дэвших систем, хэрэглэж буй тоног
төхөөрөмж, эрх зүйн орчны боловсронгуй тогтолцоо, байгууллагаараа бахархах
сэтгэл, үнэнч, шудрага байдал, үйл ажиллагааны тогтолцоо зэрэг бүх зүйлийг нь
гайхан биширч, хэзээ бид нэг ийм болно доо хэмээн хоорондоо ярилцдаг нь нууц
биш юм. Ийм ч учраас зарим хөгжингүй орны иргэний нисэхийн байгууллагатай
хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх зэргээр ажил зохион байгуулдаг билээ.
Та бидний харилцан ойëголцсон, дүрэмч ажиллагаа нь манай
салбарын соёлыг дээшлүүлэхэд хувь нэмэрээ оруулна гэдэг би итгэж байна.
ИНЕГ-ын НААХЗА –ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн загварын үндсэн зорилго нь хэлтсүүдийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх асуудалтай уялдсан стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хянах зохицуулах үүрэг бүхий бүтцийн нэгж байдлаар ажиллаж, ирээдүйн дүр төрөхөд хүргэх стратегийн зорилтуудыг зөв тодорхойлон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулахад оршино.
Бүрэн эхээр унших...
|